Раднаасэдийг өмөөрөхүй

Ж.Мэндээ

Үнэн үг гашуун, гэхдээ хэрэгтэй. Харин үнэнийг зориглон өчсөн нэгнээ мохоох учиргүй. Яг ийм байдлаас болоод өнөөдөр бид буруутайгаа эвлэрээд, буруу хандлагад дээрэлхүүлээд, одоо бүр дасчихлаа.

Эрхэм гишүүн “Монголд өнөөдөр сайд хийх нэр цэвэр хүн олдохгүй, сайдаа гаднаас тавих байдалд хүрэх нь” хэмээн шүүмжлэхэд зарим нь эгдүүцэж, бас “бяцхан” улс төр хийх гэж оролдов.

Мэдээж хэрэг Раднаасэд гишүүний энэ үг бүх улс төрчдөд хамааралтай.

Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд давхардсан тоогоор 200-300 улс төрчид засаглалын өндөр албан тушаалуудыг ээлж дараалан хашлаа, эдний маань дунд асуудалд холбоогдоогүй, цэвэр улс төрч бараг л үлдсэнгүй.

Яагаад ийм байдалд хүрчихэв дээ, бид?

Үндсэн мэргэжил нь улс төрч болохоор засаглалын зах зээлд тэд өрсөлдөх учиртай. Гэхдээ тэд маань албан тушаалын шунал гэдэг зүйлд урхиглагдчихсан бололтой.  Ихэнх нь 2-3 ажил давхар хийх сонирхолтой.  Гэхдээ нэг бодгальд хууль тогтоох, гүйцэтгэх засгаа удирдах, бизнесээ чиглүүлэх, хувийн амьдралаа дэвжээх гэсэн олон үүрэг арай л ахадсан баймаар.  Олон ажилтай зууралдаад ирэхээр зааг, ялгааг нь тогтоох, “дүр” бүрийнхээ онцлогыг гаргахад хэцүү. Ажил бүрт нь үүрэг хариуцлагыг нь тооцох гэхээр эд маань “сарьсан багваахай” мэт авирлах нь ойлгомжтой.    Тэгэхээр эл улс төрчдийн маань “универсаль супер” улс төрч болох гэсэн хүсэл шунал (бараг л хобби)-ыг бид хязгаарлаж дийлсэнгүй.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд маань төлбөртэй, төлбөргүй, санаатай, санамсаргүйгээр эдгээр улс төрчдийн “но”-ны тухай шуугиад байхаар олон түмний хардах сэтгэлийг улам өдөөдөг.  Үндэслэл, нотолгоо сайтай хэвлэл мэдээллийн хэрэгсэл олон байгаа, гэхдээ л дийлэнх нь улс төрчдийн нүүр царайг халхлах гэсэн эсвэл хэн нэгнийг нь муухай харагдуулахыг зорьдог болохоор, бид бүгд ховын ертөнцөд амьдарсаар ….

Эцэст нь, бараг хамгийн гол буруутан нь шүүх, хууль сахиулах байгууллага. Аливаа хов, сэжгийг мухарлаж, буруутанг нь гэсгээх эрх мэдэл шүүх, хууль сахиулах байгууллага (ялангуяа, АТГ, ЦЕГ)-д байдаг. Гэтэл олны чих сэрдийлгэж, дургүйг хүргэсэн олон хэргүүд дорхноо замхран, хэн буруутай нь тодорхойгүй болчихдог болов. Хууль, хүчний байгууллагад итгэх олны итгэл алдарчихлаа.

Ийм учраас эрхэм гишүүн хүртэл одоогийн улс төрчдийн дундаас нэр цэвэр хүн гарах боломжгүй, цаашлаад бүр болохгүй бол гаднаас чадвартай, туршлагатай, хариуцлагатай сайд олохоос өөр аргагүйд хүрэх тухай гашуун үнэнийг хэллээ.

Үүнд эмзэглэх хэрэг алга шиг, харин ч үнэнийг зоригтой хэлсэн нэгэндээ бид талархах учиртай.

Эцэст нь өнөөдөр улс төрд нэртэй, бизнест одтой яваа улс төрчид “Монголдоо” “ирээдүй хойчдоо” өртэй хүмүүс.  Шилжилтийн, хараахан зүгширч амжаагүй тогтолцооны ач буяныг та бүхэн амссан болохоор энэ тогтолцоог “шүүмжлэх” эрхгүй.  Харин энэ тогтолцоог засч, залруулахад хувь нэмэрээ оруулж, хэр зэрэг “эх оронч” хүн гэдгээ л харуулах ёстой.  Тэгэхгүй бол яг л одоо сангийн эрх мэдлээ хязгаарлуулж байгаа шигээ гадаадын мэргэжилтэн урихад хүрэхийг үгүйсгэх арга алга.

About mendee

Jargalsaikhan Mendee is a Deputy Director of the Institute for Defense Studies of Mongolia. He holds a PhD in Political Science from the University of British Columbia, and MAs in International Relations from the US Naval Postgraduate School and in Asia-Pacific Policy Studies from the Institute of Asian Research of the University of British Columbia.
This entry was posted in Politics and tagged . Bookmark the permalink.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *